Монгол гэрт зөвхөн монгол хүн л амьдардаггүй. Энэ сууцыг бусад улс орны иргэд ч сонирхож, дуртайяа хэрэглэх болжээ. Гэр нь халуун, хүйтэн, салхи, бороо, цаснаас хамгаалахаас гадна бүхэл бүтэн нэг гэр бүл тухтайхан суурьших боломжтой. Барилгын үнэтэй техник хэрэгсэл ашиглалгүйгээр хэдхэн цагийн дотор угсарчихна. Мөн хурааж авахад ч хурдан. Зуслан, газарт түр байрших зориулалтаар болж гэрийг гүйцэх сууц гэж үгүй билээ.
Гэхдээ хүмүүс гэрийг байнгын сууц маягаар дуртайяа ашигладаг. Жишээлбэл Австралийн нэгэн фермер гэр бүл монгол гэрийг өөрсдийнхөөрөө тохижуулан суурьшжээ. Грант Кристиан 4 настай байхаасаа л фермерийн аж ахуй эрхлэхийг хүсдэг байлаа. Ингээд 30 жилийн дараа мөрөөдлөө биелүүлжээ. Тэрбээр эхнэр Эммагийн хамт Өмнөд Австралийн нэгэн жижиг хотод амьдардаг байв. Тэд мал үржүүлж, жимс ногоо тарьж амьдрахыг хүсдэг байсан тул газар зарах заруудыг байнга үздэг байлаа. Тэд 60 га-гаас доошгүй хэмжээтэй хямдхан газар хайж явсаар 107 га хэмжээтэй, Австралийн зүүн хэсэгт нэгэн газар худалдан авсан байна. Энд цаг агаар дулаахнаас гадна бороо хур элбэг. Тиймээс ногоо тарихад тохиромжтой. Мөн өвс сайн ургадаг тул мал өсгөхөд боломжийн гэж боджээ.
Тэднийх гурван хүүтэй. Хоёр том нь сургуульд суралцдаг болохоор сургуультай ойр байх хэрэгтэй. Тэгвэл шинэ газар нь Порт-Маккуори хотоос машинаар 45-хан километр яваад хүрчихдэг болохоор шаардлагыг нь хангаж байв.
Ингээд газраа авсан тэд чингэлэгт бүх юмаа ачаад шинэ газартаа нүүн иржээ. Грант анхнаасаа л монгол гэрт амьдрахаар төлөвлөж байсан тул энэ сууцны давуу болон сул талыг сайтар судалжээ. Ингээд хэрэгтэй гэсэн бүхнээ АНУ-аас захиалаад гурван сарын турш чингэлэгт амьдарсан байна. Эцэст нь хүсэн хүлээсэн гэр нь ирж, долоохон хоногийн дотор тохижсон байна.
Шинэ сууцын онцлог
Хулсан ханатай энэ гэрийн гадуур тусгай материалаар бүрсэн байна. Монголд бол арьс, эсгийгээр бүрдэг бол Грант, Эмма нар НАСА-гийн мэргэжилтнүүдийн боловсруулсан материалаар бүржээ. Энэ нь дулааныг сайн хадгалдаг, салхи, бороо, цаснаас сайн хамгаалдаг. Мөн Монголд хэрэглэдэг унийг Дугласын жодоо модоор хийсэн нь илүү бөх бат болжээ.
Энэ сууц 9 метр диаметртэй. Өөрөөр хэлбэл 64 метр квадрат талбай гэсэн үг юм. Таван хүнд бол энэ сууц хангалттай хүрэлцэнэ. Дотроо амрах, унтах, хоолоо хийх, идэх хэсэгтэй. Орчин үеийн тавилгаар тохижуулсан байна. Гэрийг зуухаар халаадаг. Утааг нь яндангаар гаргадаг бөгөөд хүйтэн шөнүүдэд ажрахааргүй байсан гэнэ. Одоо Грант тусгай 00, ус халаагч байршуулахаар төлөвлөж байна. Тэднийх зурагтгүй ч цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд компьютер байршуулжээ.
Өрхийн тэргүүн гэрээ цахилгаанаар хангахдаа нарны зай хураагуур ашигласан нь хэд хэдэн гэрэл гаргахад хангалттай гэнэ. Тэднийх угаалгын машин, генератороор ажилладаг цахилгаан төхөөрөмж, хөргөгч, борооны ус цуглуулагч том сав гээд бүгд бий.
Грант, Эмма нар монгол гэрт амьдрахад сул тал байхгүй гэжээ. Хотоос зайтай, дуу шуугиан багатай, эрүүл цэвэр газарт олон цонхтой монгол гэрт амьдрахад шөнө тооноор нь одод гялалзаж, өдөр үүлс хөвж байгаа нь харагддаг сайхан гэжээ. Мөн хөвгүүд нь цэвэр агаарт зугаалж, адал явдалтай амьдардаг болохоор их дуртай гэжээ.
Тэд хонь, ямаа өсгөж, хажуугаар нь жимс, ногоо тарих бодолтой байна. Тэгвэл дэлгүүрээс их юм худалдан авах шаардлагагүй гэжээ.
Эх сурвалж: fb.ru
1 comment
Хана, унь хоёрыг буруу холбожээ.