Үл хөдлөхийн албан татвараас өдөр тутмын нэг авто зогсоолыг чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив

2026-11-24 13:00
20261124-130036-file.jpeg
УИХ-ын гишүүн А.Ганбаатар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаг нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх санал гаргав.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод 2026 оны 11 дүгээр сарын 23-нд Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар иргэдийн өдөр тутмын хэрэглээнд ашиглаж байгаа нэг авто зогсоол болон олон тоогоор өмчилж, түрээс, хөрөнгө оруулалт, бизнесийн зориулалтаар ашиглагдаж буй авто зогсоолын татварыг ялгаж үздэггүй байна.

Амьжиргааны өртөг нэмэгдэж иргэдийн худалдан авах чадварт дарамт учрах нөхцөлд татварын бодлогоор өрхийн үндсэн хэрэглээ болон хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ялган авч үзэх шаардлага үүссэн юм.

Хуулийн төсөл нь иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх агуулгатай гэж А.Ганбаатар гишүүн танилцуулах үеэрээ онцолсон байна.

Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор, иргэн бүрийн өмчлөлд байгаа авто зогсоолоос нэгийг чөлөөлөхөд нийт 57,453 үл хөдлөх эд хөрөнгө хамрагдаж, татварын ногдол 20.8 тэрбум төгрөгөөр хөнгөрөхөөр байна.

Төсөлд авто зогсоолыг нийтээр нь татвараас чөлөөлөхгүй бөгөөд хоёр болон түүнээс дээш авто зогсоолтой иргэн зөвхөн нэгийг нь чөлөөлөгдөх зохицуулалтыг тусгасан байна.

Мөн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа авто зогсоол энэ чөлөөлөлтөд хамрагдахгүй юм.

Ийнхүү нэг авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгөөр хязгаарласан чөлөөлөлт нь өрх бүрт татварын бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгөө олон тоогоор эзэмшигчдэд давуу байдал үүсэхгүй байх нөхцөлийг хангаж байна.

Автомашиныг зориулалтын зогсоолд байрлуулах нь нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбайг зориулалтын бусаар ашиглах дарамтыг бууруулах ач холбогдолтой юм.

Тиймээс зориулалтын авто зогсоол ашиглахыг хот байгуулалтын бодлогоор дэмжихийн зэрэгцээ, өрхийн хэрэглээний нэг авто зогсоолыг татвараас хэсэгчлэн чөлөөлөх нь бодлогын хувьд нийцэж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.