УИХ Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2026-11-18 13:00
20261118-130038-file.jpeg
УИХ-ын Төсвийн байнгын хороо Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулиар хөрөнгө оруулалтын үйл явцыг нэгдсэн зохицуулалтад оруулж, төсөл бүрийг ангилж үнэлэх зохицуулалт тусгасан болно.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 7-нд өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Сангийн сайд З.Мэндсайхан уг төслийн зорилго нь хөгжлийн бодлогын хүрээнд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төлөвлөх, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах, хөрөнгийн удирдлага, ашиглалт зэрэг үйл ажиллагааг ил тод, үр ашигтай болгох эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд оршиж байгааг танилцуулсан юм.

Төсвийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор тулгамдаж буй олон асуудал энэ хуулийн төслийг боловсруулсан үндсэн шаардлага болжээ. Тухайлбал, 2016-2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 2874 төсөл хэрэгжүүлэхээр баталсан боловч үүнээс 42.5 хувь буюу 1219 төслийн төсөвт өртөг нэмэгдсэн бөгөөд гурван төсөл тутмын нэг нь хугацааг сунган ашиглалтад орсон байна. Мөн төсөл батлагдсаны дараа зураг төсөл өөрчлөгдөх, төсөв нэмэгдэх, санхүүжилтийн эх үүсвэр давхцах, барилга байгууламж баригдсан ч тоног төхөөрөмж, ашиглалтын зардал шийдвэрлэгдээгүй зэрэг асуудлууд түгээмэл гарч байгаа аж.

Эдгээр нөхцөл байдлын гол шалтгаан нь төсвийн хөрөнгө оруулалтын үйл явц олон хууль тогтоомж, журмаар салангид зохицуулагдаж байгаатай холбоотой гэж төсөлд дүгнэжээ.

Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын бүх эх үүсвэрийг нэгтгэн тодорхой зураглалд оруулах зохицуулалт хийхээр төлөвлөнө. Одоогийн байдлаар улс, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг эх үүсвэрээр хэрэгжих төслүүдийн зохицуулалт харилцан адилгүй байна.

Мөн төслийг хэмжээ, санхүүгийн үзүүлэлтээс нь хамааран жижиг, дунд, том, хөгжлийн болон мега гэж ангилж, төсөл бүрт тохирсон шаардлага, хяналтын түвшинг тогтоохоор тусгажээ. Жижиг төслүүдэд хэт хүндрүүлэлгүй ажиллах бол том төслүүдэд илүү өндөр хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Төслүүдийг бодит хэрэгцээ болон үр өгөөжийн үндсэн дээр үнэлж, эрэмбэлэх явцыг шаталсан 4 шаттай үнэлгээгээр явуулан төсөвт тусгах зохицуулалт бүхий төслийг төлөвлөхийг зорьж байгаа юм.

Төсвийн төсөлд бэлтгэл муутай төслийг оруулахыг хуулиар хязгаарлан, барилга байгууламжийн төсөлд батлагдсан зураг төсөл, төсөв, норматив стандартыг мөрдөж, хөгжлийн болон мега төслүүдийг техникийн эдийн засгийн үндэслэлтэй төлөвлөх зохицуулалт орно.

Ингэснээр барилга ашиглалтад орсны дараа тоног төхөөрөмжгүй эсвэл ашиглалтын зардалгүй үлдэх асуудлыг шийдэх боломж бүрдэнэ.

Төсвийн өртөг нэмэгдэх явдлыг хатуу зохицуулах, гүйцэтгэгчийн хариуцлагыг дээшлүүлэх, өрсөлдөөний чанарыг сайжруулах зэрэг зохицуулалтууд уг хуульд тусгагдсан байна.

Төсөл дууссаны дараа ашиглалтын үр өгөөжийг үнэлдэг тогтолцоог бий болгож, төсвийн хөрөнгө оруулалтын бүх үйл явцыг цахимжуулан нэгдсэн мэдээллийн системд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээх хөрөнгийг тусгайлан зохицуулах зохицуулалт орж байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулсан этгээд, гүйцэтгэсэн гүйцэтгэгч, захиалагч, төсвийн ерөнхийлөн захирагч нар хариуцлага хүлээн, хууль зөрчвөл хохирлыг нөхөн төлүүлэх журам тусгагдлаа.

Хуулийн төсөл батлагдвал төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, эрх зүйн орчин нэгдмэл болж, төслүүдийг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төлөвлөн хэрэгжүүлэх, ашиглалтад оруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тус хууль болон холбогдох тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих