Халил Рафати 13 жилийн өмнө хар тамхинаас бүрэн хамааралтай, орон гэргүй нэгэн байжээ. Тэрээр өрвийж царай алдсан, туранхай эцэнхий шаналсан царайтай золгүй залуу байж… Харин өнөөдөр – энэ хүн бол САЯТАН!
Халил Рафати нарлаг Малибу-д болон Лос-Анжелесын зургаан байршилд үйл ажиллагаа эрхэлдэг SunLife Organics сүлжээ амтат шүүсний баарны эзэмшигч юм байна. Red Hot Chili Peppers-ийн Энтони Кидис, мөн Дэвид Духовны нарын очих дуртай түүний баарууд “Амьдралын амт шимт”, “Аз жаргалтай” гэх мэт ундаагаараа алдартай тул үйлчлүүлэгчдийн ээлж дараалал асар их байдаг аж.
46 настай Рафати 5 жилийн дотор гэхэд л, түүний амь амьдралыг аварсан амтат шүүс болон эрүүл мэндийн олон төрлийн ундааны вант улсыг байгуулж амжжээ.
Халил Рафати Огайо мужийн Толидо-гоос анх удаа Лос-Анжелест ирэх үедээ яагаад ч юм, тэнд л түүний мөрөөдөл төлөвлөгөөнүүд биеллээ олох юм шиг зөн совин төрсөн гэнэ. Тэрээр хүүхэд насных нь ой санамжид гунигт дурсамж үлдээсэн секс хүчирхийллээс холдохын тулд орон гэрээ орхин зугатсан аж.
Лос-Анжелест тэрээр спорт загварын машинуудын эд ангиудыг худалдаалах замаар өөрийн бизнесээ эхлүүлсэн байна. Ажил үйлс нь ч амжилттай өрнөн, улам цэцэглэсээр байв. Тэр хууль ёсны энэхүү бизнесийнхээ хажуугаар марихуан, экстази, кетамин борлуулж эхэлжээ. Ингээд нэгэн удаа хар тамхи хэрэглэж үзтэл хүүхэд насандаа төсөөлдөг байсан тэрхүү гоё ертөнцөд хүргэх мэт мэдрэмжийг төрүүлсэн байна. Иймээс ахин дахин тэрхүү гоё таашаалаа мэдрэхийн тулд улам донтсон аж.
Хар тамхинд хэт донтсон Рафати нэг удаа хэтрүүлж хэрэглэн золтой л амь алдсангүй. 2003 он гэхэд, Лос-Анжелесын шоронд суун, нийгмийн хамгийн доод давхарга руу шидэгдсэн байна. Ингээд эцэст нь, өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавин, амьдралаа орвонгоор нь өөрчлөхөөр шийджээ. Нэг найз нь түүнд эрүүл мэндийн амтат шүүсийг хэрхэн бэлтгэдэг талаар зааж өгсөн гэнэ.
Рафати уг ундааны үйлчлэлийг маш хурдан хугацаанд мэдэрсэн тул Ривьерагийн нөхөн сэргээх төвийн үйлчлүүлэгчдэд энэхүү шүүсийг нийлүүлэх талаар бодож эхэлжээ. Чухам тэр үед л түүний алдарт ундаануудын жор бий болсон аж. Ингээд тэрхүү төвөөр үйлчлүүлдэггүй хүмүүс ч гэсэн түүний ундааг амтлахаар зорин ирдэг болсон гэнэ.
Гайхамшигт шүүсний тухай мэдээ Малибу даяар тархан, Рафати зориулалтын баар нээх шаардлагатай болсныг мэдэрчээ. Ингээд өөрт байсан 50 мянган доллар дээр мэргэжлийн тоглоомчин нэг найзаасаа санхүүгийн дэмжлэг аван мөрөөдлөө гүйцэлдүүлсэн байна.
Одоогоор түүний сүлжээ 32 төрлийн ундаа шүүсийг зах зээлд нийлүүлдэг бөгөөд Рафати 13 жилийн өмнө өөрт нь тохиолдож байсан асуудалтай хүмүүсийг ажилд авахыг голлодог аж.