Нийтийн тээврийн ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим асуудлыг хэлэлцэв. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн нийтийн тээврийн өнөөгийн байдлыг танилцууллаа. Нийслэлийн нийтийн тээврийн сүлжээнд 137 чиглэлд 1185 автобус ажиллаж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж байна. 2026 оны эхний гурван улиралд нийт 134.3 сая зорчигчийн тээвэрлэлт бүртгэгджээ. Зорчигчдын ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны тоог 20-оор нэмсэн үр дүнд зорчигчдын урсгал зургаан хувиар өсч, хүлээлгийн хугацаа таван минутаар буурсан байна. Мөн энэ үеэр иргэдийн санал гомдол есөн хувиар буурчээ. Аравдугаар сард нийтийн тээврийн 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийсэн байна.
Нийтийн тээврийн хүртээмж багатай 16 суурьшлын бүсийг судалж, зургаан шинэ чиглэл нээх, таван чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчлэх зохицуулалт хийх, дөрвөн чиглэлийн гаралтыг нэмэгдүүлэхээр төлөвлөн нийт 46 автобус хуваарилахаар бэлтгэж байна. Парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, дунд багтаамжийн 46 автобус, сургуулийн 50 автобус нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Сургуулийн автобусны үйлчилгээний хүрээг тэлж, өдөрт тээвэрлэх сурагчдын тоог одоогийн 5000-аас 9000 болгохоор зорьж байна.
