Монголын мөсөн сийлбэрчид Испанийн олон улсын тэмцээнд алтан медаль хүртэв

2026-11-16 18:01
20261116-180109-file.jpeg
Монголын мөсөн сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар Испанийн Торрехон-де-Ардос хотод болсон Ice Festival тэмцээнд "Тэнгисийн үнсэлт" бүтээлээрээ алтан медаль хүртлээ.

Монголын мөсөн сийлбэрчид Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар Испанийн Мадрид мужийн Торрехон-де-Ардос хотод зохион байгуулагдсан тав дахь удаагийн олон улсын мөсөн сийлбэрийн Ice Festival тэмцээнд тэргүүн байр эзэллээ.

Тэд “Тэнгисийн үнсэлт” нэртэй бүтээлээрээ өрсөлдөж, алтан медаль хүртсэн байна. Энэ удаагийн тэмцээн “Далайн аваргууд” сэдвийн дор явагдаж, 14 орны 22 уран бүтээлч оролцов.

Сийлбэрчид 11 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд бүтээлээ урлан, үзэсгэлэнд бодит хэмжээтэй бөгтөр халим, далайн бурхан Нептун, домгийн Кракен зэрэг дүрүүдийг мөсөн сийлбэрээр дүрсэлжээ.

Ц.Мөнх-Эрдэнэ болон Б.Доржнамжил нар уг наадмын гурав дахь удаагийн тэмцээнд “Алиса: Гайхамшигт аялал” бүтээлээрээ тэргүүн байр болон үзэгчдийн нэрэмжит шагнал хүртээд байсан юм.

Энэ жилийн тэмцээний бүтээлүүдийг Торрехон-де-Ардос хотын Mágicas Navidades цэцэрлэгт хүрээлэнд 2027 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл олон нийтэд дэлгэн үзүүлэхээр зохион байгуулагдаж байна.

Монгол уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг өргөнөөр таниулж, Монголын урлагийн шинэ өнгө төрхийг дэлхийд харууллаа.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих