Монгол Улс Малайзад Ш.Алтантуяагийн хэрэгт холбоотой шаардлага хүргүүллээ

Монгол Улсын Засгийн газар Малайз Улсад амь насаа алдсан иргэн Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой асуудлаар 20 жилийн дараа албан ёсны шаардлага илгээлээ. Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын элчийн хувиар Малайзын нийслэл Куала-Лумпурт ажиллах үеэрээ Ш.Алтантуяагийн ар гэрт Засгийн газрын дэмжлэгийг илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг онцлов.
Г.Занданшатар хэлэхдээ, 2006 оны аравдугаар сарын 19-нд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайзын нутаг дэвсгэрт онц хэрцгийгээр нас барсан бөгөөд түүний хэрэгт монгол тал дипломат болон эрх зүйн сувгаар 20 жил хамтран ажилласан гэв. Тэрбээр хэрэгт буруутгагдсан хоёр хүнийг шүүхээр шийтгэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгааг дурдав.
Ар гэрийнхэн Малайзын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалсан бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сард Шах Аламын Дээд шүүх хэрэгт холбогдуулан иргэний эрх зүйн хариуцлага нийт таван сая малайз ринггитийн нөхөн төлбөрийг олгоно гэж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газар энэ шийдвэрийг хууль ёсны гэж үзсэн боловч 2026 оны нэгдүгээр сард Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр асуудлын зарим хэсэг хүчингүй болжээ.
Г.Занданшатар тэмдэглэснээр, Малайзын төрийн цагдаагийн алба хаагчид уг хэрэгт оролцсон учраас Малайзын Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар шүүх ажиллагааг шударгаар явагдахад шаардлага тавьж, шинээр ил болсон баримтуудыг дахин шалгахыг хүсэж байгаагаа илэрхийллээ. Засгийн газар Малайзын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч шударга ёсыг тогтоох асуудлаар байр сууриа илэрхийлсээр байх болно гэв.
Мөн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу 20 жилийн турш охиноо алдсан хэргийн талаар ямар нэгэн уучлал сонсоогүйгээ хэлсэн. Тиймээс тэрбээр дипломат шугамаар Малайзын Засгийн газарт шаардлага хүргүүлж, Австрали дахь гэрчээс мэдүүлэг авах, хууль ёсоор авчрах нөхцөлийг бүрдүүлэх, өмнө нь шалгагдаагүй баримтыг шүүхийн байгууллагаар нэн даруй шалгуулах, шүүхийн явцын талаар албан ёсоор мэдээлэл авахыг хүссэн байна. Мөн “Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим гарын үсэг цуглуулах кампанит ажил эхэлсэн гэдгийг мэдэгдэв.
