Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглов

2026-11-08 10:00
20261108-100021-file.jpeg
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахыг хориглосон бөгөөд сүүлийн жилүүдэд гарсан осол, гэмтлийн тоо бий.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахыг хориглоно гэж заасан.

Энэхүү хорионы зорилго нь өвөл, хаврын улиралд хүүхдийг хурдан морь унуулах нь тэдний сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байгаатай холбоотой юм.

Тухайлбал, 2025 онд 613 уралдаанд бүртгэгдсэн 12,202 уралдаанч хүүхдээс 343 хүүхэд мориноос унаж гэмтэл авсан. Тэдгээрээс 250 хүүхэд бэртэл гэмтэлгүй, 88 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авсан байна.

Мөн 2020 онд 169 уралдаанд 211 хүүхэд мориноос унаж, таван хүүхэд бэртэж, гурван хүүхэд амь насаа алджээ.

2021 онд 21 уралдаанд 1,452 хүүхэд уралдаж, 48 хүүхэд мориноос унаж гэмтэж, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон бол морины бэлтгэл ажлын үеэр гурван хүүхэд нас барсан байна.

2022 онд 259 уралдаанд 397 хүүхэд мориноос унаж, зургаан хүүхэд нас барсан бөгөөд үүнээс гурван хүүхэд бэлтгэл сургуулилт, гурван хүүхэд сумын баяр наадмын үеэр нас баржээ.

2023 онд 353 уралдаанд 464 хүүхэд мориноос унасан бөгөөд нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон, дөрвөн хүүхэд нас барсан байна.

2024 онд 388 уралдаанд 212 хүүхэд мориноос унаж, 87 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авсан бөгөөд морины сунгаа, бэлтгэл сургуулилт, ахуйн хүрээнд дөрвөн хүүхэд нас барсан байна.

Иймээс уяач, эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн эрхийг хамгаалж, өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй байхыг уриалж байна.