Нийслэлийн МАН-ын хорооны даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлжээ

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдээс шийдвэрлэсний дагуу энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Нийслэлийн МАН-ын хорооны даргын тайлан
2. Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох
3. Бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын дүрэмд зааснаар Улаанбаатар хотын захирагч Нийслэлийн МАН-ын хороог удирддаг тул энэхүү дүрмийн хүрээнд улс төрийн эрх мэдлийг Б.Пүрэвдагва даргад шилжүүлэх процесс ийнхүү өрнөх гэж байна гэж хэлж болно.
Нийслэлийн МАН-ын хорооны даргаас чөлөөлөгдөх болж буй Х.Нямбаатар энэхүү хуралд цахимаар оролцож тайлангаа тавьж буй юм байна. Нэг үгээр хэлбэл, Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажилласан хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж буй аж.
Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр/2026.11.07/ хуралдаж, удирдлага болон бүтцээ шинэчлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн МАН-ын даргад Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нэр дэвшинэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн. Одоогоор дээрх албанд түүнээс өөр өрсөлдөх нэр олон нийтэд ил болоогүй ч хурал эхлэхэд Бага хурлын гишүүд заалнаас нэрээ дэвшүүлэх боломж бий.
Нийслэлийн МАН-ын Бага хурал 489 гишүүнтэй, энэ удаагийн хурлаар дэд дарга нарыг ч шинээр сонгох сураг дуулдаж буй. Хэрэв энэ үнэн бол Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ч.Батзул, Ж.Батсайхан, Б.Галцог, Х.Алтаншагай нарыг ч өөрчилж магадгүй.
