Солонгосоос импортлох бензиний үнэ литр нь 4900 төгрөгөөс дээш байна

2026-11-06 16:00
20261106-160055-file.jpeg
"Аргал Ойл" ХХК БНСУ-аас 10-12 мянган тонн АИ-92 бензин импортлохоор гэрээ байгуулж, энэ сарын дундаас нийлүүлж эхлэх бөгөөд үнэ литр тутамдаа 4,900 төгрөгөөс дээш байхаар төлөвлөсөн байна.

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийв. “Аргал Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сансартуяагийн мэдээлснээр, тус компани БНСУ-аас 10-12 мянган тонн АИ-92 бензин импортлохоор гэрээ байгуулсан бөгөөд энэ сарын дундаас нийлүүлж эхлэхээр төлөвлөж байна.

Тэрбээр шатахууныг усан онгоцоор тээвэрлэн БНХАУ-ын Цинхуандао боомтод хүргэж, төмөр замаар Замын-Үүдийн боомтод дамжуулан Монгол Улсад оруулж ирнэ гэдгийг онцлов.

Импортолсон шатахууныг “Аргал Ойл” ХХК-ийн салбар болон хамтран ажиллаж буй “Магнай Трейд” ХХК-ийн төв, баруун аймгууд дахь салбаруудаар түгээх юм.

Үнийн талаар мэдээлэхэд, БНХАУ-аас импортолсон АИ-92 бензиний литр тутмын үнэ 5,600 төгрөг, ОХУ-аас импортолсон үнэ 4,900 төгрөг байгаа бол БНСУ-аас авах бензиний үнэ эдгээрийн дунджаар буюу литр нь 4,900 төгрөгөөс дээш боловч 5,600 төгрөгөөс хэтрэхгүй байх төлөвтэй гэж мэдэгдэв.