Хөвсгөл, Булган, Өмнөговь аймагт хүүхдийн эндэгдэл улсын дунджаас өндөр байна

Хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн талаар улсын хэмжээнд сайжирч байгаа үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ орон нутагт нөхцөл байдал харилцан адилгүй байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Хөвсгөл, Булган, Өмнөговь аймагт тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл улсын дунджаас өндөр гарчээ.
Монгол Улсад энэ оны эхний есөн сард 39,149 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,584-өөр буюу 3.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Мэндэлсэн хүүхдүүдийн хүү, охины тоо бараг ижил байна. Харин 1,800 гаруй нярай 2.5 килограммаас бага жинтэй төрсөн нь нийт төрөлтийн 4.6 хувийг эзэлж байна. Мөн дутуу төрөлтийн түвшин 1,000 амьд төрөлтөд 67.6 байжээ.
Нялхсын эндэгдэл энэ оны эхний есөн сард 470 болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 100 тохиолдлоор буурсан бөгөөд эндэгдлийн ихэнх нь нярай насанд гарч байна. Нялхсын эндэгдлийн 60 гаруй хувь нь нярайн эндэгдэл бөгөөд 10 нярайн 7 нь амьдралынхаа эхний долоо хоногт эндсэн байна. Нялхсын эндэгдлийн ихэнх шалтгаан нь перинаталь үеийн эмгэгтэй холбоотой бөгөөд жирэмсний сүүлийн үе, төрөлт болон төрсний дараах эхэн үеийн эмгэгүүдийг хамардаг.
Улсын хэмжээнд тав хүртэлх насны хүүхдийн 1,000 амьд төрөлтөд ногдох эндэгдэл 14.7 байгаа ч зарим аймагт үүнээс өндөр байна. Тухайлбал, Хөвсгөлд 24.5, Булганд 23, Өмнөговьд 21.4 болсныг онцолж байна. Булган аймаг нялхсын эндэгдлээр улсын дунджаас бараг хоёр дахин их үзүүлэлттэй байна. Энэ ялгаа нь орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл, нярайн эрчимт эмчилгээгээр хангах боломж, шатлал ахиулан эмчлэх хүртээмжтэй холбоотой байж болох тул нарийвчлан судлах шаардлагатай.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан ч амьд төрөлтийн 577 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 117-өөр цөөрсөн үзүүлэлт юм. Гэвч нийт эндэгдлийн 16.4 хувь нь осол, гэмтлээс үүдэлтэй байна. Мөн энэ насны хүүхдийн өсөлт, хөгжлийн хяналтад хамрагдсан хүүхдүүдийн дунд туранхай, тураалтай, өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүд тодорчээ.
Иймд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн эндэгдлийг бууруулах биш, эхийн жирэмсэн үеээс эхлэн хүүхэд өсөж торниход хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал юм.
