Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудын авлигын хэрэг прокурор руу шилжлээ

2026-10-30 18:00
20261030-180038-file.jpeg
Авлигатай тэмцэх газар Баян-Өлгий аймгийн хэд хэдэн сумын удирдах болон нийтийн албан тушаалтнуудыг хахууль авах, албаны байдлаа урвуулан ашиглах зэрэг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгалтын ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Баян-Өлгий аймгийн Сагсай, Өлгий, Цэнгэл, Алтай сумдын удирдах албан тушаалтнууд болон нийтийн албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад энэ сарын 21-нд шилжүүлжээ.

Тодруулбал, Сагсай сумын удирдах албан тушаалтан С.А нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үед бусдаас хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

Өлгий сумын удирдах албан тушаалтан Б.Т албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэж үзэж байна.

Цэнгэл сумын удирдах албан тушаалтан Ж.А бусдад давуу байдал бий болгосноор байгууллагад 51.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан байна.

Алтай сумын удирдах албан тушаалтан Х.С, нийтийн албан тушаалтан Х.Х нар байгууллагын төсвөөс удаа дараа их хэмжээний мөнгийг өөртөө болон хамаарал бүхий этгээдийн данс руу шилжүүлсэн гэж шалгагдаж байна.

Нийтийн албан тушаалтан А.З хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ явуулах үеэр эрүүгийн хэрэгт холбогдогчоос хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Эдгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйл заалтыг үндэслэн явуулсан байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих