“Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас хийх ачилт нэмэгдэж, БНСУ-аас ачсан шатахуун БНХАУ-ын боомтод хүрээд байгаа”

2026-10-29 10:58
66907-1000-600.2

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас шатахууны хангамжийн нөхцөл байдалд газар дээр нь хяналт тавьж, нийлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан баг өчигдөр орой Улаанбаатар хотын хойд хэсгийн шатахуун түгээх станцуудад ажиллаж, Шуурхай штабын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулав.

Аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ-аас нийт 88 мянган тонн шатахуун захиалж, нийлүүлэлтийг баталгаажуулсан. Энэ нь сарын хэрэглээнээс давсан хэмжээ боловч захиалсан бүтээгдэхүүн бүрэн импортлогдоогүй байгаа нь хангамжид хүндрэл үүсгэж байна.

Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд ОХУ-аас хийх ачилт нэмэгдэж, БНХАУ-аас ачигдсан шатахуун өнөөдөр Замын-Үүд өртөөнд ирэхээр байна. Мөн БНСУ-аас ачсан шатахуун БНХАУ-ын боомтод хүрээд байгаа бөгөөд тээвэрлэлтийг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Захиалсан шатахууныг татан авах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх, дотоодын хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэхэд бүх шатанд шуурхай анхаарч ажиллаж байна гэж АҮЭБЯ-наас мэдээлэв.