Хүүхдийн өдрийн эмчилгээнд 100 мянган төгрөгийн багц эм олгоно

Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болжээ.
Энэ шийдвэрийн хүрээнд эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхдүүд гэртээ ойрхон байрлах эрүүл мэндийн төвүүдэд эмчлүүлэх боломжтой юм.
Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцад 100 мянган төгрөгийн санхүүжилт хийгдэх бөгөөд энэхүү зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан бүрэн хариуцна.
Эмчилгээний багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтын дагуу хийх эмийн эмчилгээ, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг тусламж, үйлчилгээ багтсан байна.
Иймд, хүүхэд ханиад болон томуугаар өвдсөн тохиолдолд эцэг эхчүүд өдрийн эмчилгээнд шаардлагатай эмийг өөрийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй бөгөөд тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын сангаас санхүүжүүлэх юм.
Мөн хүүхдийн өвчлөл, тусламж үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн шаардлагатай тохиолдолд томуугийн улирал дуусахаас өмнө үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр санхүүжилтийг тооцон зохицуулах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
