Баян-Өлгий аймгийн албан байгууллагууд Өлгий хотыг дулаанаар хангадаг “Эрчим Баян-Өлгий” компанид нэг тэрбум орчим төгрөгийн халаалтын төлбөрийн өртэй байна.
Уг асуудлаар компанийн дэд захирал А.Бейбитээс тодруулахад, “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сүүлийн өдрүүдэд эрчимжүүлж байна. Дулааны хоёр зуухад их засвар хийж, 600 метр шугамыг өргөтгөсөн. Мөн 600х115 напортой хоёр насос, 240 тонн ус шүүх шүүлтүүр тавилаа.
Мөн зарим газруудад халаагуур нэмж байршуулсан. Аймгийн төвд шинээр хатуу хучилттай зам тавьж байгаатай холбогдуулан 400 метр дулааны шугамыг нүүлгэн шилжүүллээ. Одоогоор 2500 тонн буюу нэг сарын нүүрсний нөөц бүрдүүлээд байна” гэлээ.
Дулааны цахилгааны станцын тулгамдсан асуудал нь албан байгууллагуудаас авах авлага аж. Уг асуудлыг өвөлжилтийг бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсан аймгийн Засаг дарга А.Гылымханд танилцуулж, шуурхай арга хэмжээ авахыг хүссэн байна.
Байгууллагууд нэг тэрбум 34 сая төгрөгийн халаалтын төлбөрөө бүрэн төлснөөр дулааны станц нүүрс татаж нөөц бүрдүүлэх, өр төлбөрөө барагдуулах, засвар үйлчилгээгээ бүрэн хийж дуусгах боломж бүрдэнэ гэж тэрээр хэлэв.