Замын хөдөлгөөний дүрэмд мопед, скүүтерийн насны хязгаарлалт тусгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд скүүтер, цахилгаан дугуй, мопедтой холбоотой зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрээ баталлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээлснээр, улсын хэмжээнд ойролцоогоор 34,000 мопед, скүүтер ашиглагдаж байгаа бөгөөд түрээсийн үйлчилгээ үзүүлэгч найман аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд мопед, скүүтертэй холбоотой осол, гэмтлийн тоо нэмэгдсэн бөгөөд 2025 онд 200 орчим хүүхэд, залуус гэмтсэн бол энэ жил 330 болж өссөн байна. Үүнтэй холбогдуулан зохицуулалтыг сайжруулах шаардлага гарчээ.
Өөрчлөлтөөр 10 нас хүртэлх хүүхдийг гэрэлтүүлэггүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байх, 10-16 насныхан дугуйн болон явган хүний замаар мопед, скүүтер унахыг зөвшөөрөх, харин 18 наснаас дээш хүмүүс цахилгаан дугуй, мопед, скүүтер жолоодох эрхтэйгээр зохицуулагдлаа.
Энэхүү өөрчлөлт нь өмнө батлагдсан хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хариуцлагыг тодорхой болгох үүднээс Замын хөдөлгөөний дүрэмд тусгасан гэж Г.Тэмүүлэн сайд онцлов.
