Ой хээрийн түймэр тавих хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ

2026-10-14 14:011min
20261014-140116-file.jpeg
2026 оны 10 дугаар сарын байдлаар ой хээрийн түймэр тавьсан 7 хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Дорнод, Сэлэнгэ аймгийн хэргүүдэд оногдуулсан шийдвэрийг танилцууллаа.

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл “Ой хээрийн түймэр тавих”-ын талаар нийт 7 хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тус хэргүүд нь Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн ойтой бүсүүд болон Дорнод аймгийн тал хээрийн бүсэд гарсан байна.

Дорнод аймгийн прокурорын газраас З.М-д холбогдох хэргийг дурдвал, 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Халхгол сумын нутаг дэвсгэр “Сангийн далай” гэдэг газар тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлээгүйгээс хээрийн түймэр гаргаж, 23,093 га бэлчээр шатсан байна. Түймрийн улмаас байгаль орчинд 76.1 сая төгрөгийн шууд хохирол, түймрийн унтраахад 2.8 сая төгрөгийн зардал, нэр бүхий иргэний эд хөрөнгөнд 57.8 сая төгрөгийн хохирол учирч, нийт 136.8 сая төгрөгийн хохирол үүсчээ. Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсанд Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.М-г гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаатай тэнсэж, байгаль орчинд учирсан хохирлын 7.6 сая төгрөгийг бууруулан Байгаль орчны сан руу нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн хохирогчдод 60.7 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гаргасан байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Ц.Э-г 2025 оны 4 дүгээр сарын 28-нд гэрийнхээ гадна ил хог шатааснаас шалтгаалан ой хээрийн түймэр дэгдсэн хэргээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Түймэр 5,316.64 га талбайд хохирол учруулахад хүрч, байгаль орчинд 8.6 тэрбум төгрөгийн хохирол, 13 иргэн болон 2 хуулийн этгээдийн эд хөрөнгө түлэгдсэн бөгөөд нийт 139.8 сая төгрөгийн хохирол болсон.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Э-г 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчидтой тохиролцсоноор хохирол бүрэн төлөгдсөн гэж үзжээ.

Мөн Б.Т-д холбогдох хэргийг дурдвал, 2025 оны 4 дүгээр сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Хоёр даваа” орчимд төмөр таслагч ашиглах явцдаа оч үсэрсэнээс үүдэн гал дэгдсэн нь ой хээрийн түймрийгдэж, 4,128.43 га талбай түлэгдсэн байна. Тус түймрийн улмаас байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 8 иргэний эд хөрөнгө галд өртсөн.

Сум дундын эрүүгийн шүүх Б.Т-г 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчдод хохирол төлөгдсөн гэж үзэж шийдвэрлэсэн.

Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрийг “Түймрийн аюултай үе” гэж үздэг бөгөөд энэ хугацаанд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгддэг.

Иргэдэд ой хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо аюулгүй байдлыг хангаж, утааны янданг оч баригчтай байлгах, ил задгай гал түлэхгүй байх, гал асаасан үед цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг таглаа бүхий саванд хийх зэргээр түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд зааснаар гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гаргасан, хүний амь нас хохирсон эсвэл их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хорих ял оногдуулдаг.

Харин ой хээрийн түймрийг санаатайгаар тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэдэг.