ОХУ-ын Эрхүү мужид хүний нас баралтад тарваган тахлын сэжиг үгүй болохыг мэдээлэв

ОХУ-ын Эрхүү мужид шалтгаан нь тодорхойгүй уушигны халдвараар хүн нас барсантай холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийсэн байна.
Энэ үнэлгээгээр Монголд үүсэх эрсдлийг “Бага” гэж дүгнэжээ. ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахлындаа холбогдсон байж болзошгүй гэсэн мэдээлэл 2026 оны 10 дугаар сарын 2-ноос эхлэн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.
Үүнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төв тус хүрээлэнд албан ёсны мэдээлэл хүссэн бөгөөд ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны алба тарваган тахлын сэжиг илрээгүй тухай Монгол Улсад мэдэгдсэн байна.
2026 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын “РИА Новости” агентлагаас гаргасан мэдээлэлд ерөнхийдөө дараах зүйлс багтжээ. Нэгд, эрдэм шинжилгээний хүрээлэнд тарваган тахлын үүсгэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй. Хоёрт, эмэгтэй лаборантын нас баралтын шалтгаан нь тарваган тахалтай холбоогүй бөгөөд өвчтөнд “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьсан үзүүлсэн байна.
Мөн Эрхүү болон Шелехов хотыг хамарсан бүс нутгийн эрүүл ахуй, халдвар судлалын нөхцөл байдал тайван гэж мэдээлжээ. “Биоаюулгүй ажиллагааны шаардлагын биелэлтэд хяналт тавьсан комиссын дүгнэлтэд үндэслэн эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад ямар нэгэн осол, зөрчил гараагүй болохыг тогтоосон” гэж хяналтын байгууллага мэдэгдсэн байна.
