Геронтологийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

2026-10-03 12:001min
20261003-120025-file.jpeg
Геронтологийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орж, ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж, урт хугацааны цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэв.

Монгол Улсын Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгуулав. Тус төв нь ахмад настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, насжилт болон настны эмгэг судлалын чиглэлээр сургалт, судалгаа, мэргэжил арга зүйгээр хангадаг Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн төв юм.

Шинэ барилга байгууламжийг ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн үзүүлэх, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гарган, 2019 оны есдүгээр сард барилга угсралт эхэлсэн. Төслийн нийт өртөг нь 4.5 тэрбум төгрөг бөгөөд 2026 оны есдүгээр сарын 16-ны өдөр ашиглалтад хүлээн авсан.

Шинэ барилга ашиглалтад орсноор Геронтологийн үндэсний төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна ахмад настны эрүүл мэнд, бие даасан байдал, амьдралын чанарыг дэмжсэн урт хугацааны цогц тусламж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх боломжтой болж байна. Үүний дунд ахисан түвшний сэргээн засах тусламжийг үе шаттай нэвтрүүлэх эхлэл тавигдаж байна.

Мөн ахмад настны бие бялдрын сэргээн засахаас гадна сэтгэл зүй, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр сэтгэл засал, хөдөлмөр засал, дижитал ур чадварын лаборатори зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид Геронтологийн үндэсний төв нь эрүүл, идэвхтэй, бие даасан, нэр төртэй насжихад чиглэсэн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, нотолгоонд суурилсан мэдлэг, шинэ технологи, олон улсын сайн туршлагыг нутагшуулах ажлыг өргөжүүлэхээр ажиллана.