Гахайн махнаас мялзан өвчний вирус илэрсэн тул импорт түр зогсоолоо

Мал эмнэлгийн ерөнхий газраас 2023 оны 8-р сарын 26-нд гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлогч 38 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтын явцад БНХАУ-ын “Gansu Kingood Food Co., Ltd” үйлдвэрийн хөлдөөсөн гахайн махны дээжээс мялзан өвчний вирус илэрсэн байна.
Уг компанийн импортолсон 25 тонн гахайн хөлдөөсөн махны агуулахыг лацдан битүүмжлэж, 22.3 тонн бүтээгдэхүүнийг улсын байцаагчдын хяналтад авч тусгаарласан юм.
Хяналт шалгалтын үндсэн дээр тус БНХАУ-ын үйлдвэрийн гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Мөн бүтээгдэхүүнийг хүлээн авсан, хадгалсан болон борлуулсан 18 цэгийн нийт 990 м² талбайд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийсэн байна.
Гахайн африкийн мялзан өвчин нь зөвхөн гэрийн болон зэрлэг гахайд халдварладаг бөгөөд хүнд халдварлахгүй гэсэн мэдээлэл байна.
