Хотын захирагч агаарын бохирдлыг бууруулах цахилгаан машины татварын хөнгөлөлтүүдийг танилцуулав

2026-09-12 18:001min
20260912-180021-file.jpeg
Хотын захирагч Б.Пүрэвдагва автомашинаас ялгарах агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг танилцуулж, цахилгаан машиныг татвар тэмдэгтийн чөлөөлөлтөөр дэмжиж байгаагаа мэдээллээ.

Хотын захирагч Б.Пүрэвдагва “Агаарын бохирдол ба шийдэл” сэдвийн хүрээнд мэдээлэл хийв. Тэрбээр автомашинаас ялгарах агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг танилцуулсан юм.

Хотын захирагчийн хэлснээр хөгжиж буй хотуудын агаарын бохирдлын гол шалтгаан нь автомашины хэрэглээ байдаг. Монголчууд бензин бага зарцуулах Prius загварт хурдан шилжсэн бөгөөд одоо цахилгаан машин руу шилжиж эхэлж байна. Цахилгаан машиныг цэнэглэх боломжийг хангах шаардлага үүсэж байгаа бөгөөд энэ чиглэлд татварын олон хөнгөлөлтийг хэрэгжүүлж байна.

Автомашинаас ялгарах бохирдлыг бууруулах гол шийдлүүдийг Хотын захирагч дараах байдлаар танилцууллаа. Засгийн газраас цахилгаан автомашиныг гааль болон онцгой албан татвараас чөлөөлсөн байна. Мөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох албан татвараас чөлөөлөх зохицуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн ИТХ-аар зогсоолын төлбөрийг эхний хоёр цагт чөлөөлөх шийдвэрийг батлуулах нэмэлт ажил явагдаж байна. Түүнчлэн авто зам ашигласны татвараас 100 хувь чөлөөлөх төслийг ИТХ-даа өргөн барих бэлэн байгаагаа Хотын захирагч мэдэгдлээ.