Ирэх сард Монгол орны цаг агаарын урьдчилсан төлөв

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Ирэх сард ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаар байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна.
Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох хүлээлттэй байна.
Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө агаарын температур огцом буурах, зарим үед уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас эрт ажиглагдах магадлалтай юм.
Агаарын температурын олон жилийн дундаж нь нутгийн зэргэлдээ бүсүүдэд 2-18°С-ийн хооронд хэлбэлздэг бөгөөд сарын хур тунадас ихэнх нутгаар 0-40 мм-ийн хооронд байна.
Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджаар, хур тунадас зарим нутгаар бага, бусад хэсгээр дунджаар орно.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүүдэд дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хур тунадас, уулархаг газарт нойтон цас орох, салхи түр зуур ширүүсэх магадлалтай.
Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджаар, хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджаар байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг газарт нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна.
Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджаар, хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджаар орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар сэрүүн, нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үед дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг газарт нойтон цас орж, салхи ширүүсч шороон шуурга шуурна.
Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар дулаан, бусад нутгаар дунджаар, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджаар орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд сэрүүн, нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.
