Монгол Улсад БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин ирлээ

2026-08-24 12:001min
20260824-120031-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын бага хуралд оролцохоор ирэв. Талуудын 17 дугаар бага хурлын үеэр хоёр тал уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар хүндэт зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин нар 2021 онд цахим дээд түвшний уулзалт хийж, Монгол, Солонгосын хооронд “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг эхлүүлэх тухай Хамтарсан тунхаглал гаргасан билээ.

БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд өөрийн оронд зохион байгуулж байсан бөгөөд цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллаж байна.