Ахмадын суурь тэтгэврийг арваннэгдүгээр сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийснээ танилцууллаа.
Төсвийн тодотголын хүрээнд өндөр настны тэтгэвэртэй холбоотой хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлсэн бөгөөд уг өөрчлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Өөрчлөлтөөр ахмад настнуудын суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд энэ нь суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг бодитоор хэрэгжүүлэх зорилготой байна.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Нийгмийн даатгалын шинэчлэлийн багц хуулийг УИХ-аар баталсан. Энэ хуульд суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг оруулсан бөгөөд өндөр настны тэтгэвэр тогтоолгосон бол суурь тэтгэвэр олгохоор заасан. Суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр тогтооно” гэжээ.
Тэрбээр мөн тэтгэврийн доод хэмжээ буюу 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэдийн гуравны нэг нь төрд 20-иос дээш жил ажилласан гэдгийг онцолж, олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах зарчим алдагдаж байсан тул тэтгэврийн реформыг батлуулсан гэв.
Суурь тэтгэвэр олгох заалтыг төсвийн тодотгол батлагдсаны дараа буюу арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төсвийн тодотголтой хамт өргөн барьсан байна.
Ингэснээр суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдэх юм.
Нэмэгдэл нь ялгамжтай бөгөөд тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 300 мянган төгрөгийн нэмэгдэл өгөгдөх бол өндөр тогтоогдсон ахмадуудад арай бага нэмэгдэнэ гэжээ.
