ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд сошиал сүлжээ ашиглахыг хориглов

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, тухайлбал Фэйсбүүк болон цахим групп чат ашиглахыг хориглолоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хэрэгжүүлэх энэхүү зохицуулалтыг 2023 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
Шийдвэрийн гол зорилго нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, мөн сурагчдын дүн, үнэлгээ болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд задруулахгүй байх юм.
Ингэснээр сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээний оронд өөрийн байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны цахим платформыг ашиглах болно.
Багш, сурагч, эцэг эхийн хоорондын сургалтын мэдээлэл солилцоо, даалгавар, үнэлгээ зэрэг үйл ажиллагааг албан ёсны, аюулгүй цахим орчинд зохион байгуулахаар болжээ.
