Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах Шуурхай штабын хуралдаан боллоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын ээлжит хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 14-нд боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулсан.
ОХУ-аас импортолж буй шатахууны татан авалт нэмэгдэж байгаатай холбогдуулан, Нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцуудыг АИ-92 бензинээр нөхөн хангах ажлыг хугацаа алдалгүй эрчимжүүлэх үүргийг импортлогч аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Сүүлийн 48 цагийн хугацаанд Улаанбаатар хотод АИ-92 шатахуунтай нийт 74 вагон буусан бөгөөд 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14:30 цагт дахин 19 вагон ирсэн байна.
Шатахуун тээвэрлэгч авто машинуудыг замд саадгүй нэвтрүүлэхэд Тээврийн цагдаагийн алба онцгой анхаарал хандуулж, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэх чиглэл өгсөн байна.
Ирэх даваа гараг гэхэд Улаанбаатар хот болон орон нутгийн шатахууны хангамж, түгээлтийг бүрэн хэвийн түвшинд хүргэхээр ажиллаж байна.
Шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт болон нэг удаад 50,000 төгрөгийн олголтын лимит тогтоосон нь зохих үр дүнгээ өгсөн байна. Энэхүү түр зохицуулалт 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд ням гарагаас эхлэн бүх шатахуун түгээх станцууд дугаарын болон үнийн дүнгийн хязгаарлалтгүйгээр шатахуун олгох юм.
Мөн Монгол Улс БНХАУ-аас сар бүр 71,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох хүсэлт гаргаж, холбогдох яриа хэлэлцээр үргэлжилж байна. Хятадын талаас гурван хилийн боомтоор дамжуулан сард 75,000 хүртэлх тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.
