Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны тайлан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 56 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Мөн 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 42 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Эрүүгийн 1038 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн бөгөөд 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас байгууллагад 54.4 сая төгрөгийн хохирол учруулсан, бусдаас хахууль авсан, бүлэглэн хууль бус гэрээ байгуулан эдийн засгийн давуу байдал бий болгосон зэрэг гэмт хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Тухайлбал, удирдах албан тушаалтан Б.Э нь албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй Д.Б-д ажилласан мэтээр ажлын цагийн бүртгэл гаргуулан 28.8 сая төгрөгийн цалин олгосон байна. Мөн удирдах албан тушаалтан А.Б хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл гаргуулахгүйн тулд бусдаас хахууль авсан, байгууллагын талбай түрээслэх сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг сонгон шалгаруулж давуу байдал олгосон, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс өөртөө шилжүүлэн авсан, нэр бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан ч ажлыг гүйцэтгэхгүйгээр гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдүүлэн төлбөрийг хувьдаа завшсан гэх хэрэгт холбогдон мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
