Морингийн даваанд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина

2026-08-08 11:001min
20260808-110031-file.jpeg
Хан-Уул дүүргийн Морингийн даваанд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөжээ.

Хан-Уул дүүргийн Морингийн давааны 10 га талбайд хоногт 1,500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” үйлдвэрийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөжээ.

Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг баталсан бөгөөд 600 нэгж талбар өртөж байгаа бөгөөд одоогоор 146 нэгж талбарыг чөлөөлж, үлдсэн талбарын эзэмшигчидтэй зөвшилцөх ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлэв.

Уг үйлдвэр нь өндөр температурын шаталтын технологи болон олон шатлалт утаа цэвэрлэх систем ашиглан агаарын бохирдлыг олон улсын стандартад нийцүүлэн хянах боломжтой юм. Ингэснээр хогийн хэмжээ 80-90 хувь, эзлэхүүн 90 гаруй хувиар буурч, үлдсэн үнсийг аюулгүй хадгалах эсвэл барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах боломжтой.

Үйлдвэр ашиглалтад орсноор 34 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн хотын эрчим хүчний системд нийлүүлэх бөгөөд дулааны хувьд гэр хорооллын 2,333 орчим айлын халаалтыг орлох хүчин чадалтай гэж тооцоолжээ.

Нийслэлд жилд ойролцоогоор 1.5 сая тонн хог үүсдэг бөгөөд үүний 25 орчим хувийг дахин боловсруулдаг. Харин үлдсэн 75 хувь нь ихэвчлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд булшлагдах эсвэл ил задгай хаягддаг нь хөрс, ус бохирдуулах, метан ялгаруулах, агаарын бохирдол нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 206.5 сая ам.доллароор тооцогдсон байна.