Улаанбаатар хотын усны хэрэгцээг хангах “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжиж эхэлнэ

2026-08-07 09:001min
20260807-090036-file.jpeg
“Туул усан цогцолбор” төсөл нь Улаанбаатар хот болон бусад суурин газрын усны хэрэгцээг урт хугацаанд хангах зориулалттай бөгөөд 2025-2032 онд хэрэгжихээр төлөвлөгдсөн байна.

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани боловсруулж байгаа бөгөөд нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 90 хувьд хүрч, судалгаа, тооцоолол, инженерийн шийдлүүдийг нарийвчлан боловсруулж байна.

Төслийн хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг иж бүрэн судалж, усны ашиглалтын нөөцийг баталгаажуулах, Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох инженерийн шийдлийг тодорхойлж байна.

“Туул усан цогцолбор” нь 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт нь 685.15 метр, өндөр нь 35.8 метр, усан сангийн гүн нь 19.84 метр байх төлөвлөгөөтэй байна. Төслийн нийт ус хураах талбай 5,569 км² аж.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийн баталгаат эх үүсвэр бий болж, Туул голын экологийн урсцыг бүрдүүлэх, урсац тасрах эрсдлийг бууруулах, үерийн аюулаас хамгаалах, томоохон усан толио, нуур үүсгэснээр байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.