Амралт зугаалгаар явж байхдаа иргэд голын усанд осолдох тохиолдол Онцгой байдлын газарт бүртгэгдсээр байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар 4 хүн зугаалж яваад энэ сарын 3-ны өдрийн 14:40 цагийн үед нэг нь Хэрлэн голд живжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 44 настай Б /эрэгтэй/ нь живсэн тухай дуудлагыг тухайн өдрийн 14:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 8 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 6 алба хаагч, нийт 18 алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4-ний өдрийн байдлаар осолдсон газраас тус сумын Сарги багийн “Ногоо бригад” гэдэг газар хүртэл зүүн зүгт 28 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайж, 2-3 метрийн гүнд 15 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийг 20:00 цагт түр зогсоон өнөөдөр 06:00 цагт дахин эхлүүлээд байгаа аж.
Мөн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар тус сумын харьяат 48 настай Б /эрэгтэй/ өчигдөр (2019.08.04) 12:15 цагийн орчимд ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн байна. Энэ тухай дуудлагыг 12:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 12 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, нийт 18 алба хаагч мөн өдрийн 12:39 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Өчигдрийн байдлаар осолдсон газраас зүүн зүгт 5 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 36 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна.
Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 72 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь насаа алдсан байна. Үүний 55 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.
Иймд гол усны үерийн түвшин эрс нэмэгдэж буй энэ үед иргэд албаныхны сэрэмжлүүлэг мэдээлэлд ач холбогдол өгч өөрсдийн болон өрөөл бусдын аюулгүй байдлыг хангаж болгоомжтой байхыг анхааруулж байна.