Татварын ачааллыг 3.6 их наядаар бууруулах хуулийн төслүүд батлагдлаа

Улсын Их Хурлаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг нийт 3.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 6-10 тэрбум төгрөгийн орлоготой бол 15 хувийн татвар ногдуулах шинэ шатлал нэмэгдсэн байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан хялбаршуулсан горимоор нэг хувийн татвар төлөх босгыг 2.5 тэрбум төгрөг болгож, ингэснээр 180 мянган аж ахуйн нэгж татварын ачааллаас чөлөөлөгдөх боломжтой боллоо.
Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр тогтоосон байна. Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаахгүй, 30 хувийг нь дансанд нь үлдээх зохицуулалт хийгдлээ.
Мөн 400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэж, энэ хүрээнд 23 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдах юм. НӨАТ суутган төлөгчийн босгыг нэмэгдүүлснээр далд эдийн засгийг дэмжих эрсдэлтэй талаар хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс байр суурь илэрхийлсэн байна.
Иргэн өөрийн өмчийн орон сууцаа анх удаа худалдсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлөхгүй байхаар зохицуулжээ.
Цалин хөлсний орлогын хувьд 792 мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэлх орлогод 0-1 хувийн татвар ногдуулах бөгөөд энэ зохицуулалтыг 2027-2028 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн өндөр үнэлгээтэй суудлын автомашины үнийн 360 саяас дээш гарсан дүнд 33 хувийн нэмэлт татвар ногдуулах зохицуулалт батлагдлаа.
