Авлигын гэмт хэрэгт холбогдсон дөрвөн хүнд ял оноож, хохирлыг улсын орлого болгов

2026-06-24 21:001min
20260624-210034-file.jpeg
Прокурорын байгууллага 2026 оноос авлигын гэмт хэрэгт холбогдсон 335 хүнд холбогдох 143 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, дөрвөн хүнд ял оноож, холбогдох компаниудын хохирлыг улсын орлого болголоо.

Прокурорын байгууллага 2026 он гарснаас хойш Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэгт холбогдсон 335 хүнд холбогдох 143 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Нийслэл прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт хахууль авах, өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан дөрвөн хүнд холбогдох хоёр хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байна.

Шүүхээс дөрвөн хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг хүнд 3 жил хорих ял, гурван хүнд 7-15 сая төгрөгийн торгох ял оногдуулсан бөгөөд нийтэд нийтийн албанд ажиллах эрхийг 1-4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулжээ.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.С-р хууль бус газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулуулсан байна.

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан Засаг даргын захирамжаар Цогтцэций сумын ИТХ-ын тогтоолд тусгагдаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлтгүй газруудад шатахуун түгээх станцын зориулалтаар “И…” ХХК-д 2000 м.кв, “У…” ХХК-д 2000 м.кв газар, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “Л…” ХХК-д 7,500 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улсын төсөвт 690 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Шүүхээс О.Б, С.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, О.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял, С.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилээр хасаж, 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Мөн “И…” ХХК-аас 120 сая, “У…” ХХК-аас 120 сая, “Л…” ХХК-аас 450 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.