Лионель Месси ДАШТ-ий бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогч болов

2026-06-23 17:001min
20260623-170055-file.jpeg
Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси 2026 оны ДАШТ-ий J хэсгийн тоглолтод хоёр гоол оруулж, дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогчийн амжилтыг шинэчиллээ.

2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний J хэсгийн тоглолтод Аргентины шигшээ баг Австрийг 2:0-ээр буулган авлаа. Тоглолтын гол баатар нь Аргентины ахлагч Лионель Месси байсан бөгөөд тэрээр багийнхаа хоёр гоолыг оруулж, дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо.

Месси тоглолтын 38 дахь минутад гоолдож, дэлхийн аваргын тэмцээнд оруулсан нийт гоолын тоогоо 17-д хүргэснээр Германы довтлогч Мирослав Клозегийн эзэмшиж байсан 16 гоолын дээд амжилтыг эвдсэн юм. Тоглолтын нэмэлт цагийн тав дахь минутад дахин гоолдсоноор гоолын тоогоо 18 болгож, дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч болов.

Тоглолтын эхэнд Месси торгуулийн цохилтоо алдсан ч дараа нь хоёр удаа гоол оруулж, багийнхаа ялалтыг авчирсан байна. Ингэснээр тэрээр энэ удаагийн дэлхийн аваргад оруулсан гоолын тоогоо тав болгож, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ.

Аргентины шигшээ баг тэмцээний эхний тоглолтдоо Алжирыг 3:0-ээр буулган авсан бөгөөд уг тоглолтод Месси хет-трик хийсэн. Австрийн эсрэг тоглолтод оруулсан хоёр гоолоор Аргентины багийн энэ дэлхийн аваргад оруулсан таван гоолыг бүгдийг нь Месси ганцаараа бүрдүүлсэн байна.