Дархан-Уул аймаг элсэлтийн шалгалт өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

2026-06-22 22:001min
20260622-220034-file.jpeg
Дархан-Уул аймаг элсэлтийн шалгалт өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргаж, шалгалтын өдөр тайван орчин бүрдүүлэх арга хэмжээ авлаа.

Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрээр элсэлтийн шалгалт өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор боллоо. Энэхүү шийдвэрийг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгож, шалгалтын өдөр эцэг, эхчүүд цалинтай чөлөө авах боломжийг бүрдүүлжээ.

Мөн элсэлтийн шалгалтын өдөр шалгалт зохион байгуулах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөний зохицуулалтыг зохих түвшинд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 25-ны өдөр буюу пүрэв гарагт эхлэх бөгөөд бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь нь энэ оны төгсөгчид, 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлжээ.