Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн нэмэлт өөрчлөлт 7 сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргасан байна.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр хэлэхдээ, “Долдугаар сарын 1-нээс хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Үүнийг мөрдөж, биелүүлэхийн тулд нийслэл болон хувийн хэвшил хамтран бэлтгэл ажлаа хангах 14 хоног үлдсэн” гэжээ.
Тодруулбал, мопед бүрийг дугаартай болгох, унаж байгаа хүнийг сургалтад хамруулах, даатгалжуулах, явган хүний замаар мопед, скүүтер зорчихыг хориглох зорилгоор автозамын баруун хөвөөг чөлөөлж тэмдэглэгээг сэргээх зэрэг олон ажил хийх шаардлагатай байна.
НИТХ-ын даргын мэдээллээр, хэрэв бэлтгэл ажил 7 дугаар сарын 1-н гэхэд хангагдахгүй бол түрээсийн мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос аргагүйд хүрнэ. Хууль зөрчихгүй байх нь чухал бөгөөд хүчин төгөлдөр хуулийн бүх заалтыг мөрдөх ёстойг онцлов.
Тэрбээр мөн “Энэ шийдвэр нь хувийн хэвшлийг хаах зорилготой бус, зөвхөн УИХ-аар батлагдсан хуулийг хэрэгжүүлэх зорилготой” гэдгийг тодотгосон байна.
Мөн хуульд заасны дагуу бүх шаардлагыг биелүүлсэн аж ахуйн нэгжүүд 7 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтойг дурдсан юм.
