Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хууль зөрчсөн байдалд ерөнхий хяналт хийнэ

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдалд Ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхлэх гэж байна. Сонсголын хүрээнд шинжээчдийн дүгнэлтийн зарим хэсгийг нээлттэйгээр танилцуулжээ. Тухайлбал, Туулын хурдны зам төслийг эхлүүлэхдээ зайлшгүй шаардлагатай үнэлгээ, зөвшөөрөл, бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй болохыг онцолжээ. Тодруулбал, байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй, усны газрын албан ёсны дүгнэлт байхгүй, төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулаагүй байхад ажлыг шууд эхлүүлсэн байна. Эдгээр нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас Туулын хурдны зам зэрэг төслүүдийн үр өгөөжийн тооцоо хэт өөдрөг буюу хиймэл гарсан байх магадлалтай гэж дүгнэжээ.
