Монголын үндэсний бөхийн холбооноос зургадугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцууллаа

2026-06-01 18:011min
20260601-180149-file.jpeg
Монголын үндэсний бөхийн холбооноос зургадугаар сард болох таван барилдааны цаг, өдөр, зориулалтыг танилцууллаа. Үүнд хүүхдийн баяр, цэргийн наадам, сорилго барилдаан болон нийслэлийн баярын "Хүрээ цам даншиг наадам-2026" багтжээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх зургадугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг танилцууллаа. Энэ сарын хугацаанд нийт таван барилдаан болох бөгөөд эдгээр нь үндэсний их баяр наадмын өмнөх сорилго болон түүхт ой, баяруудад зориулсан арга хэмжээнүүд юм.

Зургадугаар сарын 1-ний Даваа гарагийн 09:00 цагт хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан зохион байгуулагдана. Зургадугаар сарын 6-ны Бямба гарагийн 11:00 цагт цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026” болно.

Мөн зургадугаар сарын 7-ны Ням гарагийн 11:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан болох бөгөөд энэ барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой болон залуу нийт 256 бөх оролцоно.

Зургадугаар сарын 27-ны Бямба гарагийн 11:00 цагт нийслэлийн иргэдийн баярт зориулсан “Хүрээ цам даншиг наадам-2026” барилдаан эхэлнэ. Үүний дараа зургадугаар сарын 28-ны Ням гарагийн 15:00 цагт уг наадмын барилдаан үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.