Заамар суманд уурхайн цооногт унасан хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

2026-05-28 22:011min
20260528-220139-file.jpeg
Төв аймгийн Заамар суманд уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Ослын голомтод 48 хүн, 28 автомашин, 20 тусгай техник ажиллаж, могойн нүд камераар доргилтыг хянаж байна.

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Цооногийн зэргэлдээх ухаж байгаа нүхний өргөн нь 35 метр, урт нь 70 метр бөгөөд гурван дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаад байгаа юм.

Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтыг тогтмол хангаж байгаа юм.

Хүүхэд цооногт унаснаас хойш 29 цаг 20 минут, аврах ажиллагаа эхэлснээс хойш 24 цаг 3 минут өнгөрчээ. Маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан цооногт доргилт өгч байгаа эсэхийг тогтмол хянаж байна.