2026-2027 оны халаалтын улиралд хагас коксон түлшийг дахин нийлүүлэхээр боллоо

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг дахин нийлүүлэх шийдвэр гаргалаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ, өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн 5000 орчим айлыг хагас коксон түлшээр дулаалж, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлсэн талаар мэдээлэв.
Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу уурын болон усан халаалтын зуухны түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 12 байршлын 25 зуухыг хийн түлшний системд шилжүүлсэн байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх оны мөн үеэс дунджаар 30 хувиар буурсан гэж мэдэгдэв.
Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга академич Х.Энхжаргал хагас коксон түлш нэвтрүүлэх тухай зөвлөмжийн үр дүнг танилцуулж, цаашид шахмал түлш болон түүхий эдийг дотоодын эх үүсвэрээс хангах судалгаа хийхийг зөвлөв.
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Ерөнхий зохицуулагч Б.Чойжил нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах төслийн явцын талаар мэдээлэл өгч, Багануурын үйлдвэр жилд 600 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор туршилтын үйл ажиллагаа үргэлжилж байгааг онцлов.
Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлснээр гэр хорооллын агаарын бохирдол 50-60 хувиар буурах тооцоолол гарсан байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, 428 мянган тонн түлш нийлүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдэв.
Хуралд оролцогчид хагас коксон түлшний үр дүнг тэмдэглэн, 2026-2027 оны халаалтын улиралд дахин нийлүүлэх ажлыг хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэг чиглэлийг нийслэл болон Тавантолгой Түлш ХХК-д өгсөн байна.
Мөн дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд тарифийн зөрүүний санхүүжилтийг олгохыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.
