УИХ-ын гишүүд “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г хэлэлцэв

2026-05-22 17:011min
20260522-170135-file.jpeg
УИХ-ын чуулганаар "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн асуулт, хариулт өрнөлөө. Төсөв, хөрөнгө оруулалтын талаар санал солилцсон байна.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Жилийн төлөвлөгөө гэж зүйл төсвөөс юугаараа ялгаатай юм бэ? Засгийн газрын гишүүд өөрсдийн тойргийн асуудлыг оруулж ирж байна. Тэгвэл би ч гэсэн өөрийн тойрогтоо ажил тавимаар байна. Жилийн төлөвлөгөө гэдэг зүйлээ больё. Бидэнд ‘Алсын хараа-2050’ байна, таван жилийн төлөвлөгөө байна. Жил бүр ингэж төлөвлөгөө батлах хэрэгтэй юу?” гэж асуув.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ асуултад хариулахдаа “УИХ нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон жил бүрийн төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн бодлогод нийцүүлэн батлах үүрэгтэй. Хуулиа биелүүлж, төсөв санхүүгийн сахилга баттай байх шаардлагатай. 2027 онд нэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломжгүй байна. Цалин, тэтгэвэр хэт нэмэгдсэнээс төсвийн хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдаж байна. Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой байлгахыг заасан. Мэргэжлийн байгууллага, судалгааны байгууллагууд бүтэн жилийн турш боловсруулсан зүйлийг нэг гишүүн орж ирээд өөрчилж болохгүй” гэв.