Ц.Х-д хууль бусаар эм импортолж, худалдсан хэргээр торгууль оногдуулжээ

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэргүүдийн 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Тухайлбал, Ц.Х нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” гэсэн нэртэй эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр оруулж, 2024-2025 онд нэр бүхий гурван иргэнд хүч тамир нэмдэг гэх нэрээр худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх Ц.Х-г Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлж, бусдад худалдсан гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 28 нэр төрлийн эмийг устгахаар шийдвэрлэжээ.
