Владимир Путин удахгүй БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
2026-05-16 11:001min

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр бэлтгэлээ дуусгасан гэж Кремлийн төлөөлөгч мэдээллээ. Путин, Ши Жиньпин нар олон удаа уулзсан туршлагатай.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчилж байгаа энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тун удахгүй БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр бэлдэж байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ. Айлчлалын бэлтгэл ажил дууссан гэдгийг Песков онцолсон байна.
Владимир Путин, Ши Жиньпин нар төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа 40 гаруй удаа уулзсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Бээжин хотод уулзжээ. БНХАУ, ОХУ хоёр улс 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхлэхээс гурван долоо хоногийн өмнө хязгааргүй түншлэлийн харилцаатай болсон гэдгээ зарласан юм.
