МАН-ын бүлэг НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр санал болгожээ

2026-05-11 17:001min
20260511-170046-file.jpeg
УИХ дахь МАН-ын бүлэг татварын хуулиудад өөрчлөлт оруулж, НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь жижиг, дунд бизнесийг дэмжихэд чиглэжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн 2026 оны тавдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэгдсэн байна.

Хуралдааны эхэнд Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гадаад зээлийн өнөөгийн байдал, хэрэгжилт, анхаарах асуудал болон Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн байна.

2025 оны байдлаар Засгийн газрын гадаад зээл 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьд хүрчээ. Эдгээр зээлийн 26 хувийг зам тээврийн салбарт, 22 хувийг Улаанбаатар хотын дэд бүтэц, орон сууцжуулалтад, 14 хувийг усан хангамж, эрүүл ахуй, эрүүл мэндийн салбарт, 11 хувийг эрчим хүчний салбарт, 9 хувийг боловсрол, онцгой байдлын салбарт, 18 хувийг бусад салбарт зарцуулсан байна.

Засгийн газар зээлийн үр ашгийг сайжруулахын тулд тэргүүн ээлжинд эрэмбэлэгдсэн хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх, ажлыг эрчимжүүлэх, хэмнэлтийн зарчмыг баримтлах, үргүй зардлыг хасах, урсгал зардлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллахыг зорьж байна. Төсвийн тухай хуулийн дагуу гадаад зээлийн ашиглалтыг жил бүр бага хэмжээгээр баталж байгаа нь зээлийн ашиглалтыг бууруулж, төслийн хэрэгжих хугацааг 5-10 жилээр хойшлуулах, зээлийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх эрсдэл үүсгэж байна. Иймд Засгийн газар гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай өргөн барихаар төлөвлөж байна.

Татварын хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлт нь иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын орчныг илүү уян хатан болгоход чиглэжээ. Тухайлбал, хувь хүний орлогын албан татварын хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд үзүүлэх шаталсан хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, хувиараа бизнес эрхлэгчдийн жилийн борлуулалтын орлого нэг тэрбум төгрөгөөс бага бол борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх зохицуулалт оруулсан байна.

Иргэн өөрийн өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлөх зохицуулалт мөн тусгагджээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд 6-10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжүүдэд 15 хувийн татварын шинэ шатлал бий болгож, 600 гаруй аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулахыг зорьж байна. Мөн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1 хувь болгон бууруулах санал тусгасан байна.

Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь бизнесийн идэвхжил, үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Мөн виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг татвараас хөнгөлөх, өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтоох, татварын тайлан залруулах хугацааг 2 жил хүртэл сунгах, НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна.