Иргэдийн бэлэн мөнгө ашиглах зан төлөвийн судалгаа

2026-05-05 20:001min
20260505-200033-file.jpeg
Судалгаагаар иргэдийн 72 хувь нь бэлэн мөнгө биедээ авч явдаг бөгөөд өдөр тутмын төлбөрийн 27 хувийг бэлэн мөнгөөр гүйцэтгэдэг нь тогтоогдсон байна. Бэлэн мөнгөний хэрэглээ ихэвчлэн жижиг дүнтэй гүйлгээнд төвлөрдөг.

Иргэдийн бэлэн мөнгө ашиглах болон хадгалах зан төлөвийг үнэлсэн судалгаанд 2131 иргэн болон 540 бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийг хамруулсан байна.

Судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь бэлэн мөнгө биедээ авч явдаг гэж хариулсан бол 28 хувь нь огт бэлэн мөнгө авч явдаггүй гэжээ.

Иргэд өдөр тутмын нийт төлбөр тооцооны тоо хэмжээний дунджаар 27 хувь, үнийн дүнгийн 18 хувийг бэлэн мөнгөөр гүйцэтгэж байна. Тэтгэврийн ахмад настан болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд бэлэн мөнгөний хэрэглээ бусад бүлгүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр гарчээ.

Судалгаанд оролцсон иргэдийн 15 хувь нь бэлэн мөнгө огт ашигладаггүй бөгөөд 43 хувь нь сард цөөн удаа ашигладаг гэж хариулсан нь нийт хүн амын дунд бэлэн мөнгөний хэрэглээ өргөн хүрээнд бус, тодорхой хэрэглээний нөхцөлд төвлөрч байгааг харуулж байна.

Товчхондоо, бэлэн мөнгө нь жижиг дүнтэй, ойр зуурын гүйлгээнд ашиглагддаг бол бэлэн бус төлбөрүүд нь дунд болон их дүнтэй гүйлгээнд зонхилон ашиглагдах хандлага ажиглагдаж байна.