Баянзүрх дүүрэгт Нарны замтай холбогдох хоёр км авто зам барина

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр километр урт авто зам барих ажил эхэлж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ мэдээлснээр, тус замыг хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний замтайгаар барихаар төлөвлөжээ. Мөн борооны ус зайлуулах шугам болон гэрэлтүүлгийн системийг суурилуулах юм. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан байна.
Энэхүү замын барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд нийт 18 нэгж талбарт газар чөлөөлөлт хийх шаардлагатай байгаа бөгөөд газар чөлөөлөлт одоогоор үргэлжилж байна.
Зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбосон шинэ холбоос зам бий болж, Офицеруудын тойрог болон Нохойтой хөшөө орчмын замын ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулах юм.
