Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад зохион байгуулах “Хотод ойрхон говь” эвент үйл ажиллагаа ирэх есдүгээр сарын 05-нд эхэлнэ хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Аялал жуулчлалыг дэмжсэн дээрх үйл ажиллагаа есдүгээр сарын 10-ныг хүртэл тав хоногийн хугацаатай Их газрын чулуу, Цагаан суварга, Онгийн хийд, Бага газрын чулууны ууланд жуулчны баазуудаа түшиглэн болох ажээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой дээрх арга хэмжээ аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын тоглолтоор эхэлж, шөнийн музейн үйл ажиллагаа, Гурвансайхан сумын Их газрын чулууны уул байгалийн цогцолбор газарт “Морин хуур, уртын дууны наадам”-аар үргэлжилнэ.
Харин есдүгээр сарын 07-ноос 08-нд Өлзийт сумын Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт “Их говийн тэмээ” эвент, 08-наас 09-нд Сайхан-Овоо сумын Онгийн хийд байгалийн дурсгалт газарт “Малчны баяр, айрагны баяр” болно.
Тав хоногийн турш үргэлжлэх үйл ажиллагаа есдүгээр сарын 9-нөөс 10-нд Дэлгэрцогт сумын Бага газрын чулууны байгалийн үзэсгэлэнт газарт “Адуучны баяр, айрагны баяр” болсноор өндөрлөх ажээ.