Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээ төлөөлөн “Цагдаагийн олимп”-д оролцох тамирчдыг ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Болд өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлэв.
“Цагдаагийн олимп”-ийг 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод наймдугаар сарын 8-18-нд болох юм. Манай улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос тус олимпд оролцжээ. Энэ хугацаанд нийт 35 алтан, 23 мөнгөн, 12 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.
Энэ жилийн “Цагдаагийн олимп”-д цагдаа, дотоодын цэргийн 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, жиу-жицү зэрэг спортын 9 төрөлд хүч сорихоор бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Тэмцээнд оролцох багийг ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дарга, хурандаа Д.Батмөнх ахлах аж.