Монголбанк газрын тосны үнийн өсөлтийн шатахууны үнэд үзүүлэх нөлөөг танилцууллаа

Монголбанк 2024 оны мөнгөний бодлогын гуравдугаар сарын тайланд газрын тосны үнийн өсөлтийн дотоодын шатахууны үнэд үзүүлэх нөлөөг гурван хувилбараар тооцоолсон байна. Газрын тосны үнэ баррель нь 95 ам.доллар хүрэхэд шатахууны үнэ дунджаар 40 орчим хувиар нэмэгдэж, инфляцад 2.8 нэгж хувийн шууд нөлөө үзүүлэхээр тооцоолсон байна. Энэ өсөлт нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлж, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 100 орчим төгрөгөөр сулруулж, ирэх онд 150 орчим төгрөгөөр суларна гэж үзжээ. Үүний улмаас тээвэрлэлтийн болон үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, бусад бараа, үйлчилгээний үнэ өсөхөөр байна. Газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар хүрвэл шатахууны үнэ 70 гаруй хувиар өсөх ба ам.долларын ханш 160-300 төгрөгөөр сулрах магадлалтай бөгөөд энэ нь инфляцийг энэ онд 9 нэгж хувиар нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж Монголбанк мэдээлсэн байна. Хамгийн сөрөг хувилбар буюу газрын тосны үнэ 150 ам.доллар хүрч, 2027 онд 117 ам.доллар орчимд тогтвортой байх тохиолдолд шатахууны үнэ 120 гаруй хувиар нэмэгдэх бөгөөд инфляц 13.4 нэгж хувиар өсөхөөр байна. ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу АИ-92 автобензинийг тогтворжуулсан үнээр худалдан авч байгаа бөгөөд дизель түлшний үнэ дэлхийн зах зээлийн үнийн дагуу нэмэгдэж байна. Мөн ОХУ-аас дотоодын зах зээлийн үнээр түлш худалдан авах тохиролцооны хүрээнд ирэх тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээлсэн байна.
