Гадаадын иргэдийн оршин суух хугацаа хэтрүүлсэн зөрчилд торгууль ногдуулж байна

2026-04-26 18:021min
20260426-180253-file.jpeg
Нийслэлийн Прокурорын Газар 2026 оны эхний дөрвөн сард гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн 2,340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалгаж байна. Оршин суух хугацаа хэтрүүлсэн иргэдэд хоног тутам 10,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

Нийслэлийн Прокурорын Газар 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Гадаадын Иргэн, Харьяатын Газраас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн 34 улсын 2,340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьжээ.

Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон тэдний Монгол Улсад уригч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчилд тооцож, шийтгэл оногдуулдаг.

Бүртгэгдсэн зөрчлүүдээс үзэхэд гадаад улсын иргэд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, визийн хугацаагаа хэтрүүлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчил зонхилон гаргасан байна.

Мөн гадаад улсын иргэний урьж байгаа аж ахуй нэгж, иргэд тухайн иргэний бичиг баримтыг хуульд заасан хугацаанд бүртгүүлж, зөвшөөрөл аваагүй зөрчил их гарчээ. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага нь урьж ирүүлсэн 238 гадаад иргэний оршин суух зөвшөөрлийг хугацаанд нь аваагүй, 606 хүний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, 43 хүний визийн хугацааг хэтрүүлсэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн гадаад улсын иргэдийн 64.3 хувь буюу 1,506 нь БНХАУ-ын иргэд, 10.7 хувь буюу 252 нь Вьетнам Улсын иргэд байгаа юм. Мөн Непал, Индонез, Филиппин, Энэтхэг, Азербайжан, Орос, Солонгос, Франц зэрэг 34 улсын иргэд дээрх зөрчилд холбогджээ.

Гадаадын иргэн Монгол Улсад байх хугацаандаа бүртгэлийн журам мөрдөх, оршин суух үнэмлэх, паспорт зэрэг бичиг баримтаа биедээ авч явах, хөдөлмөр эрхлэх журам зөрчихгүй байх, ирсэн зорилгынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэх үүрэгтэй.

Хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрлөө аваагүй, оршин суух хугацаа хэтрүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн гадаадын иргэнд хоног тутам 10,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

Гадаад улсын болон харьяалалгүй иргэнийг уригч хуулийн этгээд, хувь хүн тухайн хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд авах, оршин суух болон визийн хугацааг хэтрүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангаж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц эх оронд нь буцаах үүргээ биелүүлэхийг Нийслэлийн Прокурорын Газар уриалж байна.