Ховд аймагт 5.5 магнитудын газар хөдлөлт болжээ

2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12:23 цагт Ховд аймгийн Зэрэг сумын нутагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ.
Газар хөдлөлтийн төв нь Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 26 км, Мөст сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км, Цэцэг сумын төвөөс баруун хойд зүгт 40 км зайд байрлаж байна.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлөөр хэмждэг бөгөөд магнитуд нь хөрсөн доор байрлах газар хөдлөлтийн төвийн хүчийг илэрхийлдэг бол баллаар хэмжих нь газрын гадаргуу дээрх чичирхийллийг хэмждэг. Баллын шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд 3-аас доош магнитудын газар хөдлөлт нь хүн амд ихэвчлэн мэдрэгддэггүй байна.
1-3 баллын хүчтэй газар хөдлөлтөд барилга доторх хүмүүс бага зэрэг чичирхийллийг мэдэрч, аяга таваг зэрэг зүйлс бага зэрэг хөдөлдөг.
4-5 баллын хүчтэй газар хөдлөлтөд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл чичирч, зарим эд зүйлс унах тохиолдол гардаг бөгөөд олон хүн айдас мэдэрдэг байна.
6-7 баллын хүчтэй газар хөдлөлтөд хүн хөл дээрээ тогтноход хүндрэлтэй болж, барилгын ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, тавилга эд зүйлс хөдөлж унадаг ажээ.
